2008-05-16
Shuleg

Бүсгүй минь чи бидэн хоёр
Хайрлалцахын одонд төрсөн
Бүжинхэн хоёр гараасаа
Хөтөлцөхийн одонд төрсөн
Учраад танилцахын цагт
Нүдээрээ үнсэлцсэн
Уулзаад салахын цагт
Гараараа үнсэлцсэн
Уулс усны чанадаас
Сэтгэлээрээ үнсэлцсэн
... Уг нь чи бидэн хоёр
Ханилахын одонд төрсөн ч
Учрал хяссан орчлонд
Салалцахын салхинд төөрсөн.





Намрын аяс

Уулс уулсын чанадаас
Наран мандах нь намуухан
Улиас улиасны мөчрөөс
Навчис унах нь намуухан
Шаргал хөндийн тэртээд
Морьд үүрлэлдэх нь намуухан
Шарангуй тэнгэрийн дорнод
Шувууд ганганалдах нь намуухан
Сэрүүн амьсгалт салхин
Хөгшдийн хууч шиг намуухан
Сэрэхүй бүхний үзүүрийг
Хөндсөн бүхэн намуухан
Ихээ хол одсон
Чиний минь төрх намуухан
Их хайрандаа ууссан
Чин сэтгэл минь ч намуухан


Ээжийн залбирал

Сэмжин цэнхэр зэргэлээнд
Эмгэн ээж минь хууртаж
Дэнжийн хүн чулууг
Эргэн эргэн саравчилж
Сүүгээ өргөн шивнэх нь
Хүү минь ээждээ ир.

Эрх цагаан салхинд
Буурал ээж минь хууртаж
Өрх дэвэх чимээгээр
Буцан буцан өндөлзөж
Хүслээ хэлэн шивнэх нь
Хүү минь ээждээ ир.



Насан багын
Намхан бор толгодоо дамжин гүйдэг байсан даа
Нарнаас хүү гуйж дуулдаг байсан даа
Туяхан шилбэ чинь унаганы хөл шиг
Эрээн даашинз чинь эрвээхэйн далавч шиг л байсан даа
Гар гараасаа хөтөлцөн биднийг гүйхэд
Газарт цэцэгс ургаж үлддэг байсан даа
Нүцгэн шилбэнд хааяа халгай таарч
Нүдэнд чинь нулимс тунадаг байсан даа
Мартаагүй ээ хө.
Насны хөсөг чимээгүйхэн хөвөрч
Намбын даваан дээр гарч ирлээ
Хань минь.
Бэлд нь бидэн хоёрын очих
Амгалангийн орон дуниартан байна
Алив ээ хө. Сугадалцаад бууя.



Нар бээрч хоносон намрын өглөө
Намайг ээж хөнжлөөс татаж сэрээсэн
Эгч чинь ирсэн гэж зөөлөн шивнэхэд
Ээжийг би гайхаж ядан харсан
Өвөрт нь өссөн хайрт эгчээ санасандаа
Өөрийн эрхгүй би босон харайсан
Эгчийн орны өмнөх эр хүний гутлаас
Эрхгүй дальдарч би гэрээсээ гарсан
Эгч хэзээ буцах юм бэ гэж
Ээжээс асуухдаа би ч бас шивнэсэн
Эм амьтан хэзээд хүнийх гэж
Эцгийн хэлдэг үгийг тэгэхэд л би ойлгосон.




Яруу найрагч, зохиолч Ч.Мягмарсүрэн агсаны бичсэн шүдгүүдээс бичихдээ залхуу хүрээд богинохоноос нь бичлээ. Гоё шүлгүүд нь урт болохоор би гэдэг хүн залхуурчхымөө. :)
2007-12-07.
Бичсэн: x | цаг: 16:18 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


ГАЙХАЛТАЙ
БАЯАРЛАЛАА ГЭДЭГ ҮГНИЙ ТУХАЙ БИЧСЭН БИЧСЭН ШҮЛЭГ БАЙДАГ ДАА ТҮҮНИЙГ НЭГ УНШИХ ЮМСАН
Бичсэн: glbdrkh цаг: 20:02, 2009-03-03 | Холбоос | |


ГАЙХАЛТАЙ
ЭХ МАДАГГҮЙ ИНЭЭГ Ч ЭР ХҮН ГЭЖ ҮҮ ГЭДЭГ Ч БИЛҮҮ НЭГ ТИЙМЭРХҮҮ ШҮЛЭГ БАЙДАГ ШИГ САНАГДАХ ЮМ МЭДДЭГ БОЛ БИЧЭЭЧ
Бичсэн: glbdrkh цаг: 20:01, 2009-03-03 | Холбоос | |


ГАЙХАЛТАЙ
ӨӨР ИХИЙГ БИЧЭЭЧ.ГАЙХАЛТАЙ БАЙНА. angel
Бичсэн: glbdrkh цаг: 19:59, 2009-03-03 | Холбоос | |


tiim tiim
Sumiin zaan gedeg shulgii ni unshsii shd. kk. teruugeere nertei yum ble.
Бичсэн: x цаг: 15:46, 2008-06-06 | Холбоос | |


Ч. Мягмарсүрэн агсан чинь сумын заан гэгддэг найрагч билүү?
Г. Аюурзанын "Дурлалгүй ертөнцийн блюз" номон дээр түүний шүлгийн тухай бичсэн байдгийг санаж байна.
Бичсэн: galbaatar цаг: 20:09, 2008-05-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax