2008-05-16
Бид хаанаас ирсэн бэ?
Бид хаанаас ирсэн бэ? Энэ дэлхий дээр 0-100 гаруйхан жил амьдрахдаа ямар үүрэгтэй, хаанаас илгээгдэж ирдэг юм бол? Хорвоод бид юу нэмэрлэдэг вэ? Төрөх эсэхээ бид өөрсдөө шийдсэн болов уу? Эсвэл хэн нэгэн, ямар нэг хүчин биднийг дэлхийн амьдрал руу илгээв үү? Манай гариг, нарны аймаг, галактик, хар нүх, харь гаригийнхан, бурхад, зөнч мэргэд, шинжлэх ухааны агуу нээлтүүдийг хийсэн онцгой чадвартай хүмүүс, эгэл жирийн бид, энэ бүгд яаж бий болсон бэ? Яагаад ийм тэгш бус, өөр өөр байна вэ? Амьд организм бүр, хүмүүс, бүгд өөр өөрийн гэсэн үүрэгтэйгээр, энэ амьдрал дунд ирсэн юм биш үү? Эсвэл...
Зарим хүмүүс энэ талаар бодох ямар хэрэгтэй юм бэ гэх нь бий. Тэдний ярьж байгаагаар бол, нэгэнт л хүн болоод төрчихсөн. Төрчихсөн, амьдарч л байгаа юм чинь хүн бүр хүссэнээ хийж, сайхан амьдрах гэж тэмүүлэх нь гарцаагүй. Харин тэртээ тэргүй, бидний мэдсэн ч мэдээгүй ч ялгаагүй, байсан байсаар ч байгаа тэр ертөнцийн эхлэл, хүний үүсэл, гариг ертөнцийн зүй тогтол гэх мэт өнгөрсөнд болоод өнгөрсөн зүйлсийг судалж, хайран цагаа үрж суух хэрэг юэ байна аа? гэх. Бас зарим хүмүүс дээр өгүүлсэн олон асуултыг өнөө “Өндөг анхдагч уу? Тахиа анхдагч уу?” гэсэн асуулттай адилтгаж үзнэ. Гэтэл зарим хэсэг нөхөд, бүр ч эсрэгээр, “уг гарвалаа мэдэхгүй хүн, ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэх. Сүүлийн энэ ойлголтын дагуу бол хүмүүс бид аль улсын аль нутгаас, ямар эцэг эх, элэнц хуланцаас гаралтай гэдгээ мэдэхийн сацуу хүн төрөлхтөн, орчлон ертөнцийн эх үүслийн талаар сонирхох хэрэгтэй ч юм шиг. Харин би энэ мөнхийн асуултанд хариу эрсээр яваа сая сая хүмүүсийн нэг. 
Миний хувьд шинжлэх ухаанд ярьдагчлан, орчлон ертөнц, бүх л амьдрал их тэсрэлтээс үүссэн гэдэгтэй санал огт нийлдэггүй юм. Юу ч үгүй, бүр юу ч байхгүй байсан чинь гэнэтхэн их тэсрэлт болоод тоосонцор, цаашлаад гариг ертөнцүүд үүссэн гэх. Тэр тэсрэлт, мөн хязгааргүй үргэлжилсээр байгаа тэсрэлтийн үр дүн буюу тэлэлт энэ тэр нэг л итгэмээргүй. (Магадгүй, одоохондоо энэ талаар хангалттай уншиж мэдээгүй, мэдлэг дутуу болохоор ингэж ярьж байж болох юм. Хэрэв тийм бол удахгүй л “Үгүй юм байна аа. БИ буруу бодож байж. Энэч инь ийм учиртай юм байна...” гээд бичих байх.  Харин буруу зөрүү юм бичсэн байвал хэлж, алдаа оноог минь шүүгээрэй..) Тиймээс шинжлэх ухаанд тайлбарласнаас тэс өөрөөр тайлбар өгч, баталдаг шашнуудын сургааль номлол, далдын нууцууд, сансрын, энергийн хуулиудыг ихэд сонирхоно. Намайг таньдаг хүмүүс энэ байдлыг хараад, намайг шашин сонирхдог, сүсэг бишрэлтэй, тайлагдашгүй сонин зүйлүүдэд сонирхол нь татагдаж байдаг гэж боддог. Үнэндээ сонирхол татсан ганцхан асуултдаа хариу олох гэж наана нь маш олон асуултыг өөртөө тавьчихаад л яваад байгаа юм шүү дээ. 


Миний бие өөрийнхөө хэмжээнд, тун шалихгүй юм уншсанд шинжлэх ухаанд шүтэж, орчлон ертөнцийн үүслийг тайлбарлагчид, болон бурхан шашинд шүтэж, эдгээрийг шинжлэх ухаантай холбон тайлбарлагчдын эсрэг тэсрэг үзэл, баталгаа нотолгоонуудыг олж хараад ихэд сонирхол төрж байлаа. Тиймээс аль алиных нь тухай танилцуулан тавьж, хувь хүмүүс өөрсдөө үнэлэлт дүгнэлтээ өгч, алинд нь итгэхээ шийдэх боломж олгоё гэж бодсоны үндсэн дээр дараах агуулгатай бичлэгүүдийг цувралаар оруулах гэж байна. Учир нь мэдээгүй зүйлдээ хэрхэн итгэх билээ. Эсвэл нэг асуултыг тойрон хариулт өгч байдаг бүхий л салбар, тэдний гүнд нэвтэрч судалж, наанадаж таниагүй байж аль нэг ойр санагдсан хариултад нь итгэж, тэрхүү хариултаар өөрийнхөө үзэл бодлыг хийж боломгүй санагдана. Тиймээс би одоог хүртэл аль ч шашинд, ертөнцийн эх үүслийн талаарх аль ч төрлийн хариултанд итгэхээ мэдэхгүй л явна. (Одоогийн залуус ер нь л аливаад итгэхдээ ул суурьтай хандаж, баримт нотолгоо шаарддаг болж.)

Ингээд эхнийх нь, “Биднийг харь гаригийнхан бүтээсэн” гэж үздэг хүмүүс, тэдний итгэл үнэмшлийн тухай.
Хоёр дахь нь, “Биднийг цорын ганц бурхан бүтээсэн” хэмээгчдийн тухай.
Гурав дахь нь, “Биднийг хэн ч бүтээгээгүй, бид зөвхөн сансар огторгуйн нэгээхэн хэсэг” гэж үздэг шинжлэх ухаанчдын тухай.

1. Биднийг харь гаригийнхан бүтээсэн.

Хорь дугаар зуунд дуулиан шуугиан тарьж, харь гаригийн нисдэг таваг харсан үзсэн хүмүүс олширч байсан. Одоо ч үүнийгээ 100% үнэн гэж баталдаг хүмүүс дэлхий дээр цөөнгүй. Тэдний нэг нь Клаудиа Раел буюу дэлхийн 86 оронд салбартай РАЕЛ нийгэмлэгийн тэргүүн юм. Түүний бичсэн ном нь монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарсан бөгөөд “Харь гаригийнханы захиас” гэдэг нэртэй ном байгаа. Энэхүү номонд биднийг бүтээгчид бол харь гаригийнхан гэдгийг нарийн тайлбарлажээ. Гагцхүү тэдгээр нь Раелийн харь гаригийн хүнтэй ярьсан яриан дээр үндэслэсэн байна.
Ингээд товч агуулгыг хүргэе.
Тус номонд Клаудиа Раел харь гаригийн хүнтэй хэрхэн анх уулзсанаа болон өөрт нь юу ярьсаныг нарийн бичжээ. Харь гаригийнхан дэлхийн хүмүүсийг бид бүтээсэн гэдгээ Библийн сургаалиуд дээр үндэслэн тайлбарлажээ. Түүнд өгүүлсэнээр, дэлхийн хүмүүсийн харанхуй бүдүүлэг болон оюуны хөгжил доогуур байгаад нь тохируулан соён гэгээрүүлэх үүднээс шашиныг үүсгэсэн гэнэ. Энэ нь сонгомол арга байсан бөгөөд одоо шинжлэх ухаан хөгжиж,хүмүүсийн ухамсар бүх зүйлийг бодитоор хүлээн авч чадахуй болсон төдийгүй өөрсдөө бие даан аливааг судлан, таньж мэдэж чаддаг болж байгаа болохоор шашны хэрэгцээ та нарт үгүй болно, шашны олон төрлийн урсгалууд, номлолууд удахгүй устана гэж харь гаригийн хүн хэлсэн гэнэ. Үүнийгээ батлахын тулд Библид өгүүлсэн байдаг зарим ишлэлүүдийг жишээ болгон авч, шинжлэх ухааны бүтээлүүдийг эрт үеийн харанхуй бүдүүлэг хүмүүс өөрсдийнхөө ойлгож байгаа хэмжээгээр дүрсэлсэн байна гэдгийг нотлох гэжээ. Жишээлбэл, Библийн эхлэлийн эхний бүлгээс эхэлцгээе.
Эхэнд Элохим тэнгэр газрыг бүтээжээ. Эхлэл1:1.
Зарим библи дээр шууд бурхан хэмээн орчуулсан “Элохим” гэдэг нь Хэбрью хэлээр “тэнгэрээс ирэгсэд” гэсэн бөгөөд энэ үг олон тоон дээр хэрэглэгддэг юм. Энэ нь манай гаригийн эрдэмтэд төслөө хэрэгжүүлэхэд тохиромжтой гаригийг хайж байсан гэсэн үг. Тэд хэдийгээр дэлхийн агаар мандал манайхтай адилгүй боловч хиймэл амьдрал бүтээхэд шаардлагатай бүх элементүүд байна гэж үзээд Дэлхийг олж нээсэн буюу “бүтээсэн” байна.
Элохимийн сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа. Эхлэл 1:2
Энэ нь эрдэмтэд тандан судлах нислэг хийж, дэлхийн эргэн тойронд түүний тогтолцоо, агаар мандлыг судлах зорилгоор хиймэл дагуулууд байрлуулсан байв.
Элохимийг харахад тэр гэрэл нь сайхан байв Эхлэл 1:4
Дэлхий дээр амьдрал бий болгохын тулд нар дэлхийн гадарга дээр хортой туяа тусгаж байга эсэхийг мэдэх нь чухал байсан бөгөөд энэ асуудлыг бүрэн судалсан байна. Судалгааны үр дүнд нар хортой туяа ялгаруулахгүйгээр дэлхийг зөв зохистой халааж байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, “гэрэл нь сайхан” байсан байна.
Үдэш болоод, өглөө болжээ. Тэр нь анхны өдөр болой. Эхлэл 1:5



Үргэлжлэлийг нь дараа тавья. Бичихээс задхуу хүрчлээ, кэкэ.
Бичсэн: x | цаг: 16:23 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax