2008-04-15
Нас барагсадын захиас
Хүүхэд ахуйгаас би энэ хүнийг таньдаггүй байсан. 6 нас хүртлээ харж байсан боловч ухаан ороогүй байсан болохоор зүс царай, дуу хоолойг нь ч санадаггүй юм. Энэ бол миний өвөө. Миний бичиж байгаа зүйл мөн л миний өвөөгийн аав ээж хоёрт минь хэлж байсан захиас.
Өчигдөр 21 жилийн өмнөх бичлэгийг сонсоод өдийд нэг нь ч байхгүй болсон хөгшдөөсөө захиасыг нь сонсож, амьдралдаа мөрдлөг болгохоор шийдлээ.
1987 оны 7-р сарын бичлэг. Өвөөгийн маань 50 насны ойн баяраар хамаатны ах дүүс цугласан байж. Би төрөөгүй, ээжийнхээ гэдсэнд байлаа. Аав ээж хоёр маань дөнгөж их сургууль төгсөөд Алтанбулаг руу багшаар томилогдоод байжээ. Одоогийн миний насан дээр байсан гэсэн үг.
Энэ бичлэгийг сонсоод, аав ээжийнхээ сургаалийг нэг их сүртэй ойлгож, тусгаж аваад байдаггүй зөрүүд надад ахмад хүмүүсээ хүндлэх, өөрийн эрхгүй тэднийг бахдан дуурайх, бас ч үгүй бурхан болсон тэднийхээ өмнө зангарагтай аяглах ёстойгоо ухаарав. Учир нь тэд одоо хүртэл биднийг харсаар л байгаа. Ингээд өвөө маань 50 насныхаа ойн баяраар айл болоод гарах гэж байгаа аав ээж хоёрт ийн захижээ:
 
“Өнөөдөр Даш минь эмгэн болж, би өвгөн болж. Өнөр сайхан өтгөн айл болжээ...
... Миний хүү бэр хоёр багш боллоо /Аав ээж хоёрыг хэлж байна/. Өөрсдөө удахгүй эцэг эх болно. Мөн ардын хувьсгалын анхны өлгий болсон Алтанбулаг хотоос амьдрал, тэмцэл бүх юм эхэллээ. Энэ хугацаанд миний хоёр хүүд алдах юм гарна, онох юм гарна. Алдаан дээрээ гуниж болдоггүй юм, оноон дээрээ дэндүү бахархаж болдоггүй юм. Үүнээс хойш бусдыг хүмүүжүүлнэ. Эцэг эх ч болно, ардын хүүхдүүдийн багш ч болно Энэ хүндтэй үүргийг хүлээсэн. Харин энэ үүргийг биелүүлэхэд хажууд чинь сайн хүн ч бий, саар хүн ч бий. Гэвч, сайнд нь битгий долигоноорой, саараас нь битгий зайлаарай. Саар хүнд сайхан сэтгэлээр хандаарай, сайн хүнд яг шударга журмаар, тэр хүний сэтгэлийн чанараар хандаж яваарай. Энэ бол эцэг хүний захиас. Эх хүний бодол. Эх хүн бол боддгийм, эцэг хүн бол хэлдгийм. За, хүнээс хатуу үг дуулна. Хатуу үгийг дуулаад дор нь дүрсхийж болдоггүй юм. Харин түүний эсрэг, энэ хүн надад яагаад хатуу үг хэлэв гэж хоёроос гурав хоног, шөнө 3-5 цагийн хооронд зориуд сэрж байгаад түүнийг бод. “Яагаад надад хатуу үг хэлэв, яагаад тэр намайг ялгана вэ?” гэсэн хоёр асуултыг тунгааж бодоорой. Тэгвэл энэ хугацаанд, хүний тархи амарсан, оюун дэлгэрч байгаа цэцгэлж байгаа, өөрөөр хэлбэл монгол хүний хэлдгээр өнөө үүр шөнө харагчийн завсар хүний сэтгэл оюун хамгийн нарийн амардаг, аа, монгол моринд алс яваа морь нутгаа санагалзахдаа урт амьсгалдаг гэдэг ээ. Үүний дагуу үүр шөнийн заагаар ухаарал, аливаа зүйлийн учиг утга хүний сэтгэлд ордгийм. Ийм учраас тэрүүнийг бодоод, түүн дээр зөв дүн шинжилгээ хийхэд өөрөө хүн зөв үедээ, зөв байрандаа зогсох хэрэгцээтэй. Тиймээс шөнө 3-5 цагт сэрж, бод гэж байгаа юм. Та хоёр ижий аавын гараас холдоогүй, бид нартаа бол нялх балчир, хажуугийнхаа хүнд бол том эр эм хоёр. Ил ч бай, далд ч бай хүүхдийн эцэг эх. Олон залуучуудын багш, эцэг эхийг нь оролсон ийм хүн болно. Тийм учраас оюутан сурагчиддаа их хайртай бай, хатуу байх хэрэгцээтэй, бас их хайртай байх хэрэгцээтэй. Мөн хамт олондоо нэр хүндийг их олох хэрэгтэй. Олохын тулд нялганаж, долигонож олох биш. Мөн хүнд муу санаж болдоггүй юм. Магадгүй та нар албан ажил дээр очоод, анхныхаа удаа шүүмжлэлийг аваад түүнд дургүйцэж магадгүй юм. Харин түүнд талархах хэрэгтэй. Талархахад тэр хүнд дараа нь хурал дээрээ баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Дараа нь гэртээ урь зал, ажил дээр нь юм уу, гэрт нь ороод таны тэр хэлсэн үгний учрыг би тэрнийг нь ойлгоогүй, тэрнийг нь ойлгосонгүй, надад хэлж өгөөч, би тан шиг алба ажил хийсэнгүй, би залуу байна, надад ахын ёсоор эцгийн ёсоор та зөвлөж өгөөч, би тэрнийг нь ойлголоо, тэрнийг нь ойлгосонгүй гэдгээ хүртэл хэлэх хэрэгцээтэй. Мөн хамт олноо их хүндлэх хэрэгцээтэй, тэр бүхнийхээ үр зөвлөгөөг авах хэрэгтэй. Хамт олноо их хайрлаж яв, өөрөө хүнийг хайрлаж чадвал, хүний хайрыг хүлээж чаддагийм.
 
Та хоёрын хувьд хэлэхэд дэндүү залуумсаг. Миний хүү хамгийн бага хүү гэсэндээ их эрхэмсэг, миний бэр айлын хамгийн бага хүү гэсэндээ хэтэрхий танхи. Хүнээс хатуу үг дуулж үзээгүй. Хажуудахынхаа үгийг хүлээх ёстой. Миний хүү хэлэх үгээ заримдаа хатуухан хэлчихдэг. Түүнийг нь хүлээж авахдаа миний бэр зарим талдаа дуртай боловч, зарим талдаа дургүй. Амьдралд бодож байх хэрэгтэй. Та хоёр хоёулаа миний хүү гэж бод, миний охин гэж бод. Хэн чинь ч ялгаагүй. Тийм учраас олны дунд, хүний газар нэрээ, өөрийн газар ясаа гэдэг, нэр хугарахаар яс хугар гэж үг бий. Тэрүүн шиг нэр алдраа их хамгаалах хэрэгтэй. Хоёр биенийгээ их хамгаалах хэрэгтэй. Хоёр хүүдээ хандаж хэлэхэд, Даш бид хоёр мууддаг, гэрийн дотор, амьдралын явцад. Гэтэл аав ээж хоёр муудалцжээ гэдгийг хүүхдүүд мэддэг болохоос, юунаас болоод муудалцав гэдгийг мэддэггүй, та нарт мэдэгддэггүй ээ. Та нарын дэргэд хэрэлддэггүй ээ. Хоёулаа ид улаан зээрд авалцаж байгаад, та нарыг ороод ирэхэд бид хоёр чимээгүй болдог. Хувийн нууц гэдэг чинь энэ юм, гэр бүлийн нууц гэдэг чинь энэ юм. Үр хүүхдийнхээ дунд, хамт олны дунд нэр хүндтэй байна гэдэг үүнээс эхэлдэг юм. Ийм учраас нэг нэгнийхээ үгийг тэвчээртэй сонсч сур, тэвчээртэй дуулж бай. Үүнийг хоёр хүүхэддээ захих байна.
19, 20-доор та хоёр хойшоогоо оч. Би найман сарын дундуур очих байх. Ямар газар очиж вэ гэдгийг чинь биш, яаж амьдарч байна, яаж зохион байгуулж вэ гэдгийг чинь үзэхээр, шалгахаар би очно. Зарим зүйлийг нь зааварлах байх, хатуухан ч заавар бий, зөөлхөн ч заавар бий. Туслах зүйл ч бий, услах зүйл ч бий. Зарим хийснийг чинь ч устгана, зарим хийх зүйл дээр чинь тусална. Ийм байна.
Залуу боловсон хүчин, залуу ажилтан хамт олныг их түшиглэ, хайрла. Хамт олныг их хайрлавал хамт олон чинь та хоёрт их хайраа хүртээнэ.
Их байна гэж бахархаж болдоггүй, бага байна гэж гуниж болдоггүй. Худлаа хэлж болдоггүй юм. Магадгүй хааяа нэг амьдралд та нарт 30 нилээн гарсан хойно худлаа хэлэх зүйл гарч мэднэ. Гэхдээ эргээд хүнд хэзээ ч баригдахгүй, цэвэр худлаа хэлсэн байх шаардлагатай. Түүнээс ер нь худал хэлэхийг цээрлэ. Мөн хүний юмыг хулгай хийж болохгүй. Хүнээс 10 төгрөг зээлсэн бол 3 хоногт төл гэсэн бол, гуйлга гуйж байгаад ч хамаагүй гурав хоногт нь багтаагаад өгч байгаарай. Хүнээс битгий юм зээлж байгаарай. Энэ л байна. Аа, зээлсэн бол зээлсэнийгээ өг.
За миний хүүхдүүд үүнийг сонсч яв. Амьдралын хууль гэдэг чинь заавал баян байдаг юм биш. Хүн нэг өдөр элбэг, нэг өдөр ховор байдаг. Үүнд л дэндүү битгий сагаарай, дэндүү битгий гомдоорой. Хамаа байхгүй, сэтгэл ариун байвал сайхан шар будаатай цай уучихаад хөхрөлдөөд хоёулаа өвөртөө унтах шиг дулаахан юм байдаггүй. Сэтгэл хүйтэн байвал хичнээн сайхан бууз идээд, архи уугаад унтсан ч хос хоёрын завсраар жавар орж байдаг ёстой. Үүнийг залуучууд их анхаарах хэрэгтэй. Мөн нэг нэгнийхээ үгэнд тэвчээртэй ханд, нэг нэгдээ бүү дээрэлх. Тэр зөв. Гэхдээ өрх гэрт нэг хүн толгойлж байдаг юм шүү. Өрх гэрийн эр эм хоёр хоёр биендээ захирагдана. Гэвч гол тэнхлэг нэг зүйл дээр төвлөрч байгаа шүү. Миний хоёр хүүд амьдралд жаргал ч тохиолдоно, зовлон ч тохиолдоно. Цухалдах ч үе гарна. Гэвч нийгэмд харштай, хүмүүст халтай, гэр бүлдээ харштайгаар цухалдаж болохгүй гэдгийг хатуу анхаар.
Өнөөдрийн энэ захиасыг та хоёроор тангараг өргүүлээд, цаасан дээр гарын үсэг зуруулсан ч болохоор зүйлс байгаа. Тиймээс бүх ах дүү, төрөл төрөгсдийн чинь өмнө би та хоёрт хатуу анхааруулан захиж байгаа юм. Эндээс гараад явлаа ч энэ бүх хүмүүс та хоёрын харж байна, чагнаж байна. Ийм учраас та нар хараа хяналтаас гараагүй. Энэ бүхэнд та хоёр нэгэнт л залуу багш, залуу гэр бүл, бүх юм чинь цоо шинэ эхэлж байгаа болохоор энүүнийг та хоёрт хатуу хэлэх хэрэгтэй байна.
Ажилд сайн ажил, муу ажил гэж байхгүй. Та хоёрыг багш, захирал чинь гудамж цэвэрлэ, жорлон цэвэрлэ, гадаа цэцэрлэг цэвэрлэ гэж хэлвэл хий. Ажлыг голж болохгүй. Дээд боловсролтой хүнээр ийм юм хийлгэх гэнэ гэж ер болохгүй. Энэ бүхнийг хий. Хөдөлмөр гэдэг чинь сайхан юм, та нар юм сурна. Иймээс хүүхдүүд минь их тэвчээртэй ажиллаарай.
За ингээд, хоёр хүүхэд минь сайн сайхан амьдраарай гээд нэг хундага өргөе. Хоёулаа битгий эвдэрч байгаарай, эвдэрсэн ч бусдад битгий мэдэгдэж байгаарай! Хоёулаа л мэдэж байх хэрэгтэй.”
 
Өдөр бүр өөртөө зориулж ахин нэг удаа сонсч баймаар санагдсан. Жаргалтай амьдралын шалтгаан нь хайр, сэтгэл, тэвчээр, хөдөлмөр, хамт олон гэж хэлсэн байгаа биз. Хэрвээ би эд нарыг зөрчих гэж байвал өвөөгийнхөө захиасыг санаад өөрийгөө хорих болно. Зөв амьдрал гэдэг зөв явахыг л хэлнэ. Би хэзээ ч буруу замаар баяжихгүй, хүйтэн сэтгэлээр хүнтэй гэрлэхгүй, ашиг харж найзаа сонгохгүй...
Бурхан байдаг бол бурхан, байдгүй бол биднийг бүтээгчид, сансрын кармын хууль харна. J Өчүүхэн зүйл бол өчүүхэн л байдаг. Харин дээрх шиг амьдрал гэгээн байдаг.
2008-04-01. 16:07.
    
 
Бичсэн: x | цаг: 08:24 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax